10 November 2010

Бид нэг л газрын төлөө бүтээгдсэн

Хүн төрөлхтөн бид нэг л Эзэний төлөө, нэг л газрын төлөө бүтээгдсэн.

Тэр Эзэн бол Есүс, тэр газар болохоор мөнхийн улс. Бид даанч мөнхийн улсыг мартаад энэ дэлхийн тухай л бодох хандлагатай байдаг нь олонтаа. Уг нь түүхээс харахад, энэ дэлхийн төлөө хамгийн их зүйлийг хийсэн итгэгчид мөнхийн улсын тухай хамгийн их боддог хүмүүс байсан. Харин К.С.Лүисийн хэлснээр орчин үеийн ихэнх итгэгчид мөнхийн улсын тухай бодохоо больсон бөгөөд үүний үр дүнд тэд энэ дэлхий дээр ер нь үр дүн гаргахаа больсон.



Бас нэг хүн ийн хэлжээ: “Энэ дэлхий бол мөнхийн улс, мөнхийн зовлон хоёрын хоорондох ертөнц. Хүн дэлхийгээс явахдаа шууд л мөнхийн улсад, эсвэл мөнхийн зовлонд орно. Сонголт бий гэсэн үг. Энэ дэлхийн амьдралын хамгийн сайхныг эдлэх нь мөнхийн улсыг хальт харна гэсэн үг. Харин энэ дэлхийн амьдралын хамгийн муу муухайг үзэх бол мөнхийн зовлонгийн өчүүхнийг хальт харахтай адил.

Есүст итгэдэг хүний хувьд энэ дэлхий дээрх амьдрал нь мөнхийн зовлонтой хамгийн ойролцоо зүйл. Харин итгэдэггүй хүний хувьд энэ дэлхий дээрх амьдрал нь мөнхийн улстай хамгийн ойролцоо зүйл…”

Бидний энэ дэлхий дээр өнгөрөөх амьдрал цэг мэт. Харин мөнхийн амьдрал маань тэр цэгээс мөнхөд үргэлжлэх зураас шиг.

Бид нэгэнт мөнхийн улсын төлөө бүтээгдсэн юм бол хамаг амьдралаа үүн дээр үндэслэх хэрэгтэй.

Жишээвэл, мөнгөний талаар шийдвэр гаргахдаа… Мөнгөө мөнхийн сайн үр дүн гаргахад ашигла гэж Есүс тушаадаг (Луух 16:9).

Мөнгө бол муу зүйл биш, сайн ч зүйл биш, хүний хэрхэн ашигласнаас болж сайн юмуу, муу үр дүнд хүрч чадна. Гэсэн ч мөнгөнөөс аюул гардаг бөгөөд үүнийг Есүс мэдсэн тул биднийг мөнгөний боол болохоос болгоомжлуулсан (Луух 16:13). Бид одоохондоо мөнгөө хянаж чадлаа ч, зэрлэг араатнаас болгоомжилдог шиг мөнгөнөөс ямагт болгоомжилвол зүйтэй.

Бид мөнгөний араас хөөцөлддөг хүмүүс биш байсан ч, мөнгө биднийг амархан удирддагийг би олж харсан. Жишээ нь, надад шинэ телевизор авах мөнгө байлаа гэж бодъё. Тэгвэл “надад мөнгө нь байгаа юм чинь” гэдэг дээр бид шийдвэрээ гаргаж болохгүй, мөнгө намайг шийдвэр гаргахад удирдах ёсгүй юм чинь. Хэрвээ бид Их Эзэнд үйлчилдэг хүмүүс бол Түүний хүсэл биднийг хөдөлгөдөг гол хүчин зүйл байх ёстой. Тэгвэл бид зөвхөн Түүнийг зөвшөөрч байна гэж мэдсэн цагт л шинэ зурагт авна гэсэн үг.

Үүнчлэн, хэрвээ Их Эзэн ямар нэг үйлчлэлд явах юмуу хүнд тусал гэж хэлбэл бид “надад мөнгө байхгүй учраас би чадахгүй” гэж хэлэх ёсгүй. Тэгж хэлснээрээ бид мөнгөө дагаж, мөнгөнд үйлчилж байгаа хэрэг болно. Харин Ертөнцийн Эзэн нэгэнт биднийг захирдаг Эзэн мөн юм бол бидэнд байгаа бүх мөнгө Түүнийх, бидний БҮХ мөнгө Түүний мэдэлд байна гэсэн үг. Мөн, хэрвээ Ертөнцийн Эзэн бидэнд тушаал өгвөл тэрийг биелүүлэхэд хэрэгтэй бүх нөөц баялгийг хамт өгнө.

Тийм учраас бидний мөнгө юуг “хэлж” байгаа нь хамаагүй, харин Ертөнцийн Эзэн юу хэлж байгаа нь чухал. “Мөнгө хэрэгтэй” гэдэг нь мэдээж бидний шийдвэр гаргах явцад авч үзэх хүчин зүйлс мөн. Харин мөнгө биш, Ертөнцийн Эзэн эцсийн шийдвэр гаргадаг. Мөнгө байгаагаараа, эсвэл дутсанаараа бидний амьдралыг жолоодон ноёрхох ёсгүй…

Та өнөөдөр янз бүрийн жижиг том шийдвэр гаргана. Тэр үеүүддээ ямар газрын төлөө бүтээгдсэнээ санаж, таны гарах гэж буй шийдвэр мөнхийн үед хэрхэн нөлөөлөхийг бодож үзээрэй.

Их Эзэнд өдөр тутмын амьдралдаа улам ихээр найдаж сурцгаая!

No comments:

Post a Comment