17 December 2010

ГЭРЭЛ


ГЭРЭЛ
Хүний амьдрал гэдэг хэцүү санагдлаа
Хүний доор орчихгүй юмсан гэж
Хүн шиг сайхан амьдрах юмсан гэж боддог хэрнээ
Хүлүүлсэн юм шиг хүслээрээ ч байж чадахгүй юм
            Хэсэн тэнүүлчилсэн амьдралын тэр он жилүүдэд
            Хэнтэй ч хамаагүй найзалж, юуг ч хамаагүй хийж амьдарлаа
            Хөгийн гэсэн зөөлрүүлсэн тодотголтой
Хэрэггүй зүйлсийг хийж амьдарлаа
Хуурамч хэрнээ хэсэгхэн зуурын, өчүүхэн жаргалыг
Хийж буй зүйлээсээ хүчээр мэдрэх гэж хичээнэ
Хэн нэгэн болох гэж хичээх тусмаа
Хэн ч биш болж байгаагаа ухаарах чадваргүй байв
            Буруу зөвийг ч ялгах чадваргүй
            Бодлогогүй амьдарсан амьдрал дунд
            Бурхан байхгүй гэж үгүйсгэсээр
            Буруу замаар будаа тээсээр байв
Би гэдэг хүн хэн бэ? гэдгийг
Би өөрөө ч мэдэхээ байлаа
Будант орчлонгийн нухчаан дунд
Бүх зүйл утгагүй мэт санагдав
            Юу ч биш болсон энэ амьдрал минь
            Ямар ч ирээдүй, ямар ч найдваргүй юм шиг санагдана
            Яахаа ч мэдэхээ больсон би гэдэг хүнд
            Ямар ч тусламж байхгүй мэт санагдана
Тэгтэл тэнд нэг хүний амьдралд, ер бусын нэгэн Гэрэл гэрэлтэв
Тэр Гэрэл нь тэр хавиар нэг гэрэлтэнэ
Тэр Гэрэл надад хамааагүй гэж
Тун итгэлтэйгээр өөртөө итгүүлэхийг оролдлоо
            Сэтгэл зүрх минь нууцхан тэмүүлэлээр
            Сэм сэмхэн тэр Гэрэл рүү тэмүүлэх шиг
            Сэтгэл зүрхнийхээ тэмүүлэлийг мэдэрсэн ч
            Санаа зовсондоо хүчээр дарлаа
Гэсэн ч тэр Гэрэл надаас хүчтэй юмаа
Гэрэл мэдэрсэн миний зүрхэнд
Гал халуун найдвар мэдрэгдэж эхэллээ
Ганцхан энэ Гэрэл гарцаагүй миний тусламж гэдгийг ойлголоо
            Аль хэдийнээ намайг сонгосон байсныг
            Аяа энэ л үед би мэдлээ
            Амьдралын минь утга учир юу вэ? гэдгийг
            Аврал минь болсон энэ Гэрэл ухаарууллаа
Хүний амьдрал гэдэг сайхан юмаа
Хүнийхээр биш Бурханыхаар амьдрах нь
Хувийн хүслээс минь ч илүү
Хязгааргүй аз жаргалыг мэдрүүлэх юм

Хэзээ ч хувирашгүй энэ Гэрэл
Хэзээд миний замыг гэрэлтүүлнэ.
Мөнхөд гэрэлтэх энэ Гэрэлийг
Мятрашгүй итгэлээрээ би дагана.

Л.Сүх-Очир

No comments:

Post a Comment