14 January 2011

Ромын Католик болон Протестантизмын хоорондох ялгаа

Протестант болон Католикийн хоорондох ялгааны тухай ярихын өмнө бяцхан оршил хэлэх хэрэгтэй болно. Христийн шашин Монголд 1990 оноос хойш өрнөдийн хийгээд зүүн өмнөд азийн орнуудаас орж ирэхдээ тухайн нутаг орныхоо чуулганы хэлбэр уламжлалыг хамт дэлгэрүүлсэн нь бий.
Үүний үр дүнд бий болсон Монголын Христийн шашины сүм чуулгануудыг хуваан ангилж үзвэл, миний мэдэж байгаагаар Оросын Үнэн алдартны 1 чуулган (Баянзүрх дүүрэгт орших), Ромын Католик 1 чуулганыг (13-р хороололд орших) эс тооцвол, бусад нь Христийн Протестант уламжлалын чуулганууд, тэр дундаа эвангелийн чиглэлийнх дийлэнх олонх болдог (би энд сектүүдийг оруулж тооцоогүй байна). Тиймээс манайхан Христийн шашиныг Протестант чиглэлийн чуулгануудаар төлөөлөн ойлгох явдал элбэг байдаг.

Гэтэл Даяар Христийн шашиныг ерөнхийд нь 3 том бүлэгт ангилж ойлгох агаад Ромын Католик Чуулган1, Зүүний Ортодокс2 Чуулган, Протестант3 гэх ажгуу. Эдгээр нь дотроо үй түмэн уламжлал чиглэлд задрах агаад, энэ гурвын аль алинд нь багтахгүй жижиг урсгалууд, орон нутгийн юмуу аль нэг улс үндэстний шинжтэй бүлэглэл, хөдөлгөөн, урсгалууд бүр ч тоо томшгүй. Энэ бүхнийг дэлгэн үзвээс Христэд итгэх итгэл үнэмшил бол бүх ертөнцийн шинж чанарыг өөртөө агуулсан болохыг газарзүйн тархалтын цар хүрээ, итгэгчдийн тоон үзүүлэлт, хоорондоо асар ялгаатай соёл сэтгэлгээгээр дамжин илэрхийлэгдэх өнгө төрхөөс нь харж болно.

Чуулганд католик гэсэн нэр томъёог өгсөн анхны хүн бол Антиох хотын бишоп Игнатий байлаа. Тэр үедээ энэ үг Ромын чуулгантай огт холбоогүй, харин бүхий л цаг хугацаа орон зайд оршин байх Христийн чуулганыг тодорхойлсон байж л дээ. Яваандаа энэ нэр томъёог гаж буруу сургаалтай чуулгануудаас өөрсдийгөө ялгахын тулд хэлдэг болж. Тиймээс 325 онд болсон Никейн хурлаас гаргасан итгэлийн тунхагт "нэг, ариун, католик (даяар), апостолийн эрхэт Чуулган" гэж тодорхойлсон байна. Тэгсээр чуулганууд онолын зөрүүтэй үзэл баримтлалаас болж хоорондоо маргалдан хуваагдахын хэрээр, Христийн чуулганууд үнэн зөв сургаалаар нэгдмэл нэг гэсэн санаа нь орхигдсоор, маргалдагч хоёр тал өөрийгөө нөгөө талаасаа илүү зөв гэдгийг батлахын тулд католик гэсэн үгийг хэрэглэх болжээ. Нэг ёсондоо өөрийнх нь баримталдаг сургаал "даяар чуулган"-ы онол сургаал мөн гэсэн утга барьж байгаа хэрэг л дээ. Онолын зөрүүтэй үзэл баримтлалаас болж хагарч бутарсан тухай болгоныг ярьвал цаг хүрэлцэхгүй, тэгээд ч энэ удаагийн сэдэв бол Католик Протестантын шашины ялгааны тухай юм. Энэ бол хэзээ хойно 16-р зуунд болсон явдлаа.

Газарзүйн байршил болон хамрах хүрээний хувьд аваад үзвэл, урьд чуулганы түүхэнд гарсан хагарал бутарлаас хамаагүй жижиг хэмжээтэй, төдийлөн хэл иргэншлийн ялгаан дээр суурилсан гэхээргүй ач холбогдол багатай юм шиг мөртлөө, тухайн цаг үеийн газарзүйн их нээлт хийгээд европчуудын колонийн эрин үеийн хамтаар дэлхийн өнцөг булан бүрт "хэрүүл"-ээ дагуулан очсон Ромын Католик Чуулган ба Протестантизмын хоорондох онолын гол ялгааг дараахь гурван зүйлээс харж болно:

Дээд эрх мэдлийн талаар - Протестантууд Библи бол итгэгч хүний цорын ганц даган мөрдөх дээд эрх мэдэл, Христэд итгэгч хүн Ариун Сүнсний гэгээрүүллээр Бурханы удирдамж-үгийг ойлгох боломжтой гэж үзэж байхад Ромын Католик Чуулган Библийн зэрэгцээ чуулганы удирдлагад эрх мэдэл байх ёстой гэж үзнэ. Үүнийгээ Чуулганы уламжлал гэнэ.Үүнээс үүдэлтэйгээр чуулганы дээд эрхийг барих Пап болон бишопуудын зөвлөл голлох үүрэгтэй;

Авралын арга замын талаар - Хүн зөвхөн Христэд итгэвэл л аврагдана гэж протестантууд тайлбарладаг бол католикууд хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Бурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг;

Тахилчийн үйлчлэлийн талаар - Протестант онолчид Христийн шашинд тахилчлалын 2 шатлал байх ёсгүй, хүн бүр Бурханы өмнө адил агаад Христээс өөр тахилч байхгүй гэж үзэхэд, Католикууд жирийн итгэгч ард түмэн болон Бурханы хооронд тусгай бэлтгэгдэж "томилогдсон" санваартан буюу чуулганы цол мяндагтан гэсэн ангилал байх ёстой гэж үзнэ. Энэ нь Христээс эхлэн элч нараар уламжлан ирсэн чуулганы үйлчлэлийг гүйцэтгэхээр тусгайлан "дуудагдсан" санваартан гэсэн үг.

Бурханы үг хүн бүрд нээлттэй байх ёстой гэж үздэг учраас Протестантууд эхнээсээ тухайн нутаг усны хэлээр Библийг орчуулахаас гадна, мөргөлийн үйл ажиллагааг нутгийн хэлээр явуулдаг байсан бол, Католикууд 1962-1965 онд болсон Ватиканы 2-р хурал хүртэл Библийг зөвхөн Латин хэлээр уншихыг шаарддаг, мөргөлийг Латин хэлээр явуулдаж байжээ. Протестант Библи 66 номоос бүрддэг (Хуучин Гэрээний 39, Шинэ гэрээний 27) бол, Католик Библи 73 номтой (Хуучин гэрээний 46, Шинэ гэрээний 27). Протестант чуулганы засаглал харьцангуй эрх чөлөөтэй гэж үзэж болох бол, Ромын Католик Чуулганд шууд дээрээс доош шатлан захирах дэгтэй.

Үүнээс гадна, Протестантууд Баптисм, Эзэний Зоог хоёрыг л чуулганы ариун ёслол гэж тооцдог байхад, Католикуудын хувьд ариун ёслол 7 байх жишээтэй. Энэ мэтчилэн ариун гэгээн хүмүүст залбирал өргөх, лаа асаах, Есүсийн эх Мариаг онцлон шүтэн бишрэх, чуулганы ном уншлага, дэг жаяг гээд протестант чиглэлийнхэнд харь санагдахуйц зан үйл Ромын Католик Чуулганд их бий. Уншиж танилцах аваас төдийлөн бас буруутгамгүй утга начиртай болох нь танигдана. Үүн лугаа адил, Ромын Католик шүтлэгтэнгүүд Протестант чуулгануудын үйл ажиллагаа, тэдний зан үйлийг хараад их л гайхдаг нь бас аргагүй.

Энэ бүх хэрүүл гэнэт нэг өдөр эхэлчихсэн биш ээ. 395 онд Ромын эзэнт гүрэн зүүн баруун хоёр хэсэгт хуваагдсанаас хойш, зүүн Ромын эзэнт улс дахь чуулганууд Константинополийн патриархийн эрх доор байх болж, баруун европ тэр чигтээ Ромын бишоп буюу Папын эрхэнд байх болсон билээ. Яваандаа төр шашины хэмжээлшгүй эрхтэй болсон Ром дундад зуунд Европт болсон улс төр засаглалын олон хуйвалдаан, дайн дажинд шууд болон далд байдлаар оролцох болсонд нь, бас санваартнуудын төдийгүй чуулганы дээд эрх баригчдын бусармаг үйлд нь ард түмэн эгдүүцэн дургүйцэж иржээ. Мэдээжийн хэрэг, тухайн үеийн чуулганы тэргүүд нь байр суурь, эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэж байсан нь яг л өдгөө аль ч чуулганд байдаг л асуудал байлаа.

Энэ бүхнийг эсэргүүцсэн Протестант хөдөлгөөнийг Герман санваартан Мартин Лютер 1517 оны 10-р сарын 31-нд Виттенбэрг хотын сүмийн хаалган дээр 95 зүйлтэй ухуулах хуудас нааснаар эхлүүллээ. Нүглийг цагаатгах бичиг гэгдэх индульгенц зарах явдлыг эсэргүүцсэн энэхүү ухуулах хуудас 2 сарын дотор бүх Европоор тархсан байсан гэдэг баримтыг үзвэл сүм чуулганы талаарх олон нийтийн санаа бодол ямаршуухан байсныг мэдэж болох биз. Шашиныг шинэчлэх хөдөлгөөн газар бүр өрнөж байсны дундаас түүхэнд нэр нь үлдсэн Протестант онолчид Мартин Лютер, Ян Гус, Цвингли, Жон Калвин, Томас Кранмер, Жон Кнокс нар энэ үеийн төлөөлөгчид билээ.

Баруун Европод теологчдын дунд маргаан дэгдэж, аль аль тал нь өөрсдийн онолоо хамгаалан тэмцэж байсан бол, бас зэвсгийн хүчээр асуудлыг шийдэх гэсэн чармайлт их гарсан. Францад болсон цуст аллага, протестант Нидерландад Католик арми орж ирсэн, Германы иргэний дайн, Чехийн ардын хөдөлгөөн, Англи, Ирланд дахь шашины мөргөлдөөнд оролцогч талууд өөрсдийгөө Бурханы алдрын төлөө, чуулганы төлөө, үнэний төлөө гэж үзэж байлаа. Эцэст нь дайны гал дарагдахад, Европ тивийн өмнөд хэсэг нь Ромын Католик шашинтай хэвээр үлдэж, умард хэсгийн дийлэнх нь Протестант итгэл үнэмшлийг өвлөн хоцорсон байх юм.

Энэ цагаас хойш энэ хоёр том нөлөө бүхий уламжлал бие биеэ үгүйсгэсээр ирсэн боловч, өнгөрсөн зуунд харилцан ойлголцол хамтын ажиллагааг эрхэмлэн хоёр талаас нааштай алхмуудыг хийж эхэлсэн байна. Жишээлбэл, Ромын Католик Чуулгантай 1999 онд Дэлхийн Лютерануудын Холбоо, 2006 онд Дэлхийн Мефодистуудын Холбоо зарим нэгэн онолын тохиролцоонд хүрсэн баримтад гарын үсэг зурсан. 2-р Ватиканы хурлаас хойш Ромын Католик Чуулган бусад чуулгануудад илүү нээлттэй хандах болсон агаад 1054 онд Ромын Католик Чуулган, Зүүний Ортодокс Чуулган бие биеэ хөөсөн байсныг 1965 оны 12 сард хүчингүй болгосон бол, Зүүний Ассирийн Чуулгантай 1994 оны 11 сард Христологийн талаарх түүхэн тохиролцоонд хүрсэн билээ.

Эдүгээ Ромын Католик Чуулган өмнөд Америк, өмнөд Европ өмнөд Азид хамгийн их шүтэн бишрэгчтэй бөгөөд 1 тэрбум гаруй гэж тооцоолдог дэлхийн хамгийн том шашины институци юм. Үүнтэй харьцуулахад, Протестант чуулганууд нийтдээ хагас тэрбум орчим итгэгчидтэй гэж тооцоолдог ч, институцийн хувьд нэг биш, салангид хэдэн зуун деноминаци, бие даасан нэгжүүдийг агуулдаг. Бидний сайн мэдэх эвангелийн гэх урсгал нь энэхүү Протестант уламжлалд багтдаг.


(c) 2006, П. Энх-Амгалан 


1 Католикос гэдэг үг нь Грэк хэлнээ даяар, ерөнхий, бүх, цогц, нийтийн гэсэн ойлголтыг илэрхийлэх аж. Анх энэ үгийг хэрэглэхдээ Христийн шашины универсал буюу даяар шинжийг илэрхийлэх утгатайгаар дэлхий дээрх бүх л Христийн чуулгануудыг хамруулан хэлж байсан бол, цагийн уртад чуулганууд хуваагдан салснаас хойш Ромын Чуулган энэ нэрийг дангаараа хэрэглэж ирсэн ч, бусад чуулгануудын зүгээс Ромын гэсэн тодотголыг өмнө нь хийж өгдөг байх юм. Зүүний Ортодокс Чуулганууд ч мөн өөрсдийгөө католик хэмээн тодорхойлдог бөгөөд энэ нь даяар буюу бүх ертөнцийн гэсэн утгыг илэрхийлдэг. Зүүний зарим Ортодокс чуулгануудад "Католикос" гэсэн цол хэргэм байх агаад энэ нь Гүрж, Армений болон Ассирийн Чуулганы патриарх, бас Энэтхэгийн Мара Томас Чуулганы тэргүүнийг хэлнэ.Бидний мэдэх Элч нарын тунхагт ч "Би католик (даяар) чуулганд итгэдэг" гэсэн заалт бий. Энэ нь Ромын Католик чуулганыг заагаагүй, харин бүхий л цаг хугацааны туршид орших Христийн Чуулганыг хэлж байгаа юм.
2 Үнэн алдартан гэж манайхан орчуулсан байдаг.

3 Протестант гэдэг үгийг зарим судлаачид "эсэргүүцэгч" гэж тайлбарладаг бол, зарим нь "гэрчлэгч" гэж үздэг шиг байгаа юм. 

No comments:

Post a Comment